“Wanderlust” наадмыг хэрэгжүүлэх явцад санхүүгийн, стратегийн, логистикийн, үйл ажиллагааны түвшинд эрсдэл гарч болзошгүй гэж тооцоолон, эрсдэлүүд учрах үед бууруулах арга хэмжээнүүдийг төлөвлөж бодсон байгаа.
Санхүүгийн эрсдэл нь үнийн өсөлт болон төсөв давсан зардлууд гарахаас үүдэлтэй байж болно. Аяллын зардал, байр, логистикийн зардал нэмэгдэх магадлал байх тул үүнийг бууруулахын тулд эдгээр зардал дээр 5–10 хувийн нөөц сан бүрдүүлэх, гэрээг урьдчилан байгуулах зэрэг арга хэмжээ төлөвлөгдсөн.
Стратегийн болон салбарын эрсдэлүүдийн хувьд хүүхэд залуучуудад зориулсан тайз, театрын чиглэлд төрийн дэмжлэг хангалтгүй байх өндөр магадлалтай. Үүнийг багасгахын тулд хүүхдийн хөгжлийн болон соёл урлагийн төрийн болон төрийн бус байгууллагууд, холбогдох яамдууд, аймгийн засаг дарга болон агентлагуудад мэдээллээ тогтмол хүргэх, үйл ажиллагаанууддаа урих, өөсрдийн хийж буй ажлаа олон нийтийн сувгаар тогтмол харуулах, нийгмийн нөлөөллийг үүсгэх, эцэг эх, олон нийтийн дунд театрын үнэ цэнийг ойлгуулах ажлууд хийгдэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх байдлаар ажиллах юм.
Логистикийн эрсдэлүүдийн хувьд олон улсын оролцогчдын ирэх өдрүүд харьцангуй адилгүй байх, хөдөө орон нутгийн замын нөхцөл муу байх (ялангуяа Завхан аймагт), цаг агаарын хүндрэлээс хамаарч өдөр хоног сунжрах зэрэг эрсдэлүүд байх боломжтой бөгөөд үүнийг уян хатан маршрутын төлөвлөгөө хуваарь гаргах, нэмэлт өдрүүдийг нөөцлөх замаар зохицуулна.
Үйл ажиллагааны эрсдэл нь олон улсын оролцогчид маань визийн асуудал, аяллын саатал, гэнэтийн шалтгаанаар ирэх боломжгүй болох зэрэг асуудлууд гарах боломжтой байгаа тул визийн процессыг эрт эхлүүлэх, логистикийг хариуцсан хүн томилох, хуваариа аль боломжоороо уян хатан гаргах байдлаар ажиллах юм. Мөн сум бүрт хийгдэх хөтөлбөрийг бүхэн хэмжээнд зохион байгуулахад олон янзын саад учрахыг урьдчилан тооцоолоход хэцүү ч тухай бүрт нь зохион байгуулалтын баг шийдвэр гаргаж ажиллах байдлаар явна. Үйл ажиллагаа бүрийнхээ (уран бүтээл, сургалт, хэлэлцүүлэг, воркшоп) үр дүнг баримтжуулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа.







