Aнхааруулга: Wanderlust төсөл маань өргөжин тэлж, илүү олон хүүхэд ба өсвөр үеийнхэнд хүрэх зорилгоор хэрэгжих аймгаа шинэчлэн, Орхон болон Булган аймагт 10 хоногийн турш зохион байгуулахаар боллоо. Ингэснээр нийт 18 суманд аялан тоглолт хийж, 50,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрэх боломж бүрдэж байна.
Энэ удаагийн наадамд олон улсын 6 орны 8 бүтээл, Монголын 4 театрын 4 бүтээл шалгарч, нийт 12 жүжгийг 100 орчим уран бүтээлч, баг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр хүргэхээр бид бүхэн ажилласаар байна. Төслийг маань дэмжиж байгаа хүн бүрт чин сэтгэлээсээ баярлалаа.
АССИТЕЖ Монгол Үндэсний төв нь Олон улсын хүүхэд залуучуудад зориулсан театрын холбоо (ASSITEJ International) -ны Монгол дахь үндэсний төв бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 31 дүгээр зүйлд заасны дагуу үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн давхрагаас үл хамааран хүүхэд бүр соёл урлагийн боловсрол эзэмших эрхийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Энэхүү зорилгын хүрээнд бид Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн театр болон Бамбүү Хүүхэд Залуучуудын театртай хамтран Монгол Улсад анх удаа “Wanderlust” нэртэй Хүүхэд, Залуучуудад зориулсан тайзны урлагийн олон улсын наадмыг 2026 оны 4 сарын 14-өөс 4 сарын 25-ны хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын төсөл маань Олон Улсын ASSITEJ холбооноос зарласан “Бүсийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-т шалгарсан төсөл бөгөөд Европын Холбооноос хамтран санхүүжүүлж буй төсөл. Наадмын үндсэн зорилго нь театрын боловсрол эзэмших боломж хомс алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд урлагийн чанартай бүтээлийг хүргэх явдал юм. Энэ удаад Завхан аймгийн бүх 24 сумын 21,000 гаруй хүүхдэд Монгол болон олон улсын 10–12 театрын уран бүтээлийг сум бүрт очиж хүргэхээр ажиллаж байна. Наадмын хүрээнд олон улсаас (Франц, ХБНГУ, Швейцарийн Холбооны Улс, Дани, Итали, Индонези, Непал гэх мэт) сонгогдсон театрууд болон уран бүтээлчид маань “Уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдийн театрын оролцоо” сэдвийн дор уулзалт, воркшопууд мөн зохион байгуулна. Энэхүү санаачилга нь хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн хөгжил, уран бүтээлчдийн туршлага болон соёлын солилцоог дэмжихээс гадна орон нутгийн удирдлагуудад театрын боловсролын ач холбогдлыг ойлгуулах, ирээдүйд Монголын бусад аймагт үргэлжлэн хэрэгжих наадмын суурийг тавих зорилготой. Иймд Монголд анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын тайзны урлагийн “Wanderlust” наадмыг дэмжин Монгол улсын ирээдүй болсон алслагдсан сумдуудын хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажилд хамтран ажиллахыг хүсье.







