ARTGER MEDIA GROUP ХХКомпани нь Монгол хоолны соёлоор дамжуулан Монгол улсаа дэлхийд сурталчлах зорилго тээн “TRADITIONAL MONGOLIAN CUISINE" буюу Монгол нүүдэлчдийн идээ ундааны соёлыг каталогчлон зураг авалт хийн Англи хэл дээр гарах номын төслийг санаачлан ажиллаж байна.
Өнөөдрийг хүртэл Монгол хоол нь барууны ертөнцөд үл ойлгогдох, төөрөгдүүлсэн хэлбэрээр тархсаар байна. Хоёрхон жишээ дурьдахад Хятад хоолны газруудад байдаг Mongolian Beef, олон улсын сүлжээ ресторан болох BD’s Mongolian Barbeque гэх мэт Монгол гэсэн нэртэй ч Монголд байдаггүй хоол дэлхийд түгсээр байна.
Энэхүү ном нь Монгол хоолны онцлог болох нүүдэлчин ахуй соёлд тулгуурласан идээ ундааг нэгтгэж жинхэнэ Монгол хоолнуудыг дэлхийд танилцуулах анхны цогц төсөл болох юм.

АРТГЭР суваг нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын хамгийн том YouTube сувгуудын нэг болж нүүдэлчдийн идээ ундааны соёл мөн ахуй соёлыг дэлхийд танилцуулсан 300 гаран богино хэмжээний баримтат контентуудыг нийтэлж, 120 гаруй сая үзэлтийг авч 520 мянга гаран дагагчтай болж хөгжсөн байна. Манай сувгийн нийт үзэлтийн 70-аас илүү хувийг гадаадын үзэгчид эзэлдэг.

Иймд бид өөрсдийн өнгөрсөн 6 жилийн турш хуримтлуулсан туршлага болон судалгаан дээр суурилан энэхүү номыг бүтээхээр зорьж буй юм.
Бид энэхүү номоо 2 хувилбараар гаргана:
- Энгийн буюу зах зээлд борлуулах хувилбар
- Хандивлагч нарт зоруилсан хайрцаг сав бүхий тусгай бичилттэй цуглуулагчийн /collector’s edition/ хувилбар.
Номын ерөнхий агуулга нь нүүдэлчдийн идээ ундааг мэргэжлийн өндөр түвшинд зураг авалт хийн тухайн хоолны түүх, гарал үүсэл болон жор зэргийг багтаасан байх юм.
Форматын хувьд хатуу хавтастай, 80 хувь нь зураг, 20 хувь нь текст хэлбэртэй байна.
