2016 онд НҮБ-ын 193 орны тэргүүд дэлхийн хэмжээнд ядуурлыг устгах, эрүүл мэнд, боловсролыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг баталсан. Уг хөтөлбөр нь 17 зорилго, 169 зорилтуудаас бүрдэх ба иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагууд, засгийн газар гэх мэт бүх түвшний байгууллагын жигд оролцоо хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Тэгвэл JCI Эрдэнэт салбар байгууллага нь "Life is beautiful" төслөөр дамжуулан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 1 болон 11 зорилт болох “Ядуурлыг устгах”, “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн хөгжилд эерэг өөрчлөлт авчрах, олон нийтийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулахыг зорьж байна.
JCI Эрдэнэт салбар байгууллага нь 2025 оны бүх гишүүдийн хурлын үеэр эрхэм зорилгын хүрээнд өөрсдийн туршлага, олон улсын хамтын ажиллагаа, санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан нийгмийн үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх 3 үндсэн үйл ажиллагааг нэгтгэн "Амьдрал үзэсгэлэнтэй" нэрэн дор хэрэгжүүлэхээр санал нэгдэж төлөвлөсөн. “Амьдрал үзэсгэлэнтэй” төсөл нь зөвхөн нэг удаагийн хөтөлбөр биш, оролцоо, хөгжил, хүртээмжийг нэгтгэсэн олон нийт, орон нутгийн хөгжлийг дэмжих урт хугацааны санаачилга юм.
Төслийн үйл ажиллагаа:
- Орхон аймаг анх 1974 онд 7800 орчим хүн амтай төлөвлөгдөж байсан бол 2024 оны байдлаар 104,032 гаруйд хүрсэн байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2% бөгөөд нийт хүн амын 63.9%-ийг залуучууд эзэлдэг. Боловсрол, эрүүл мэнд, соёл спортын үйлчилгээний хүртээмж сайн, хүн амын өсөлт нь аж үйлдвэрийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Бидэнд тулгамдаж буй чухал асуудлын нэг нь зөв зохион байгуулалттай, тэгш боломжийг хангасан, аюулгүй дэд бүтцийг бий болгох юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүд, ахмад настан, энгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийгмийн шударга, аюулгүй байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд төр захиргааны удирдлагууд энэ чиглэлд анхаарал хандуулж томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа тул JCI Эрдэнэт салбар төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, иргэдийн оролцоог хангах, тэдний санал, дуу хоолойг нэгтгэн шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэхэд чиглэх юм.
- Хэрэглээний нийгмийн сэтгэлгээний нөлөөгөөр хүмүүс хэрэгцээнээс давсан олон төрлийн хувцас, эд зүйлсийг хуримтлуулсаар байна. Харин нөгөө талд, эдгээр зүйлс үнэхээр хэрэгцээтэй олон хүн, өрх гэр, хүүхдүүд оршин байна. Бидний энэхүү үйл ажиллагаа нь зорилтот бүлгийн айл өрхүүдэд хэрэглэдэггүй боловч цэвэрхэн, бүрэн бүтэн, дулаан хувцсаа ангилж өгөхийн зэрэгцээ, нийгмийн дунд хандивын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, хэмнэх, хуваалцах эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
- Гишүүдийн технологийн боловсрол, бизнес, инновацын мэдлэг, чадвар, чадавхыг нэмэгдүүлэх замаар санхүүжилт татаж орон нутгийн гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлж, тодорхой үр дүнд хүрэхэд чиглэнэ.
