"Save Mazaalai" төсөл нь Монгол улсын хамгийн ховор амьтдын нэг болох мазаалайн баавгайн хамгаалалтыг дэмжих, тоо толгойн өсөлтийг хангах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой. Энэхүү төслийн хүрээнд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ:
- Мазаалайн амьдрах орчны судалгаа: Мазаалайн байршил, идэш тэжээлийн эх үүсвэр, усны нөөц болон аюулгүй амьдрах орчинг тогтоох судалгааг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран явуулна.
- Төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах: Мазаалайн хамгаалалт болон экосистемийн нөхөн сэргээх асуудлаар төрийн байгууллагууд болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллах.
- Мазаалайн популяцийн өсөлт: Мазаалайн популяцийн тоо толгойг нэмэгдүүлэх, үржлийн орчин нөхцлийг сайжруулах, байгалийн тэжээл, усны нөөцийн хангамжийг дэмжих.
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд: Хуурайшилт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюултай нөхцөл байдлыг бууруулахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль хамгаалагчдыг бэлтгэх.
- Олон нийтэд мэдээлэл хүргэх, мэд Awareness: Мазаалайн хамгааллын талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн иргэд, оролцогчдыг байгаль хамгааллын үйл ажиллагаанд оролцуулах сургалт, уулзалтуудыг зохион байгуулах.
Эдгээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр мазаалайн амьдрах орчин хамгаалагдаж, хүн төрөлхтний өмнө хүлээсэн байгаль хамгаалах үүргээ биелүүлэх боломж бүрдэх юм.
Мазаалай баавгай нь зөвхөн Монгол орны говь цөлийн бүсэд тархацтай, хамгийн халуун, хатуу ширүүн хуурай уур амьсгалтай орчинд дасан зохицсон хүрэн баавгайн дэд зүйл юм.
Мазаалай баавгай нь Монгол орны улаан номд орсон, үлдвэр зүйл, нэн ховор амьтан бөгөөд Мазаалай баавгай нь дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) “Улаан данс”-нд “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн. Энэ ангилалд орсон бол байгальд устах эрсдэлд байгааг илтгэдэг.
Мазаалайг хамгаалах талаар олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн боловч уур амьсгалын өөрчлөлт, хуурайшил, цөлжилтийн нөлөөгөөр амьдрах орчин доройтож, ундаалах булаг ус хатаж ширгэх, байгалийн идэш тэжээл хомсдох, популяцийн хүйсийн харьцаа алдагдах, үржлийн эрчим буурах зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр мазаалайнтоо толгойн хэвийн өсөлт алдагдаж, устах аюул занал нүүрлэсээр байна.
Өвс ургамал тачир, булаг ус ховор, салхи шуурга ихтэй, халуун хуурай говь цөлийн экологийн хүнд нөхцөлд өнөө хүртэл оршин амьдарч, үр удмаа үлдээн байгалийн шалгарлыг даван туулж буй энэ ховор амьтнаа хайрлан хамгаалж, устах аюулаас аварч үлдэх нь Монголчууд бид бүхний дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг юм. Мазаалайг хамгаалснаар бид хавтгай, хулан, хар сүүлт болон бусад ховор амьтад, Алтайн өвөр говийн экосистемийг бүхэлд нь хамгаалах боломжтой болох юм.
Мазаалай нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)–ийн нэгдүгээр хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах ОУ-ын конвенцын I хавсралтад бүртгэгдсэн амьтан юм. Энэхүү нэн ховор амьтныг хамгаалах, тоо толгойн өсөлтийг дэмжих байгальд устах аюулаас сэргийлэх томоохон үүргийг хүлээсэн гэсэн үг.
Цаашдаа мазаалай уугуул нутагтаа аюул дарамтгүй тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, тоо толгойн хэвийн өсөлтийг хангахын тулд шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан оновчтой зөв менежментийг хэрэгжүүлэх зорилгоор судалгааны байгууллага, судлаачидтай хамтран ажиллаж байна.