Манай төслийн хувьд хамгийн том эрсдэл нь одоо байгаа төрийн болон хувийн байгууллагуудын дуудлагын дугаар, үйлчилгээний бүтэцтэй уялдах асуудал юм. Зарим байгууллага өөрийн дуудлагын төвөөрөө үргэлжлүүлэх сонирхолтой байж болох бөгөөд хэрэглэгчид ус, сантехник, халаалт, цахилгаан, СӨХ-ийн дуудлагыг хооронд нь ялгахгүй буруу дуудлага өгөх эрсдэлтэй.
Бид энэ эрсдэлийг одоо байгаа байгууллагуудыг шууд орлох бус, харин хэрэглэгчийн дуудлагыг зөв ангилж, холбогдох байгууллагад нь шуурхай дамжуулах нэгдсэн зохицуулалтын төв хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн дуудлагын ангилал, чиглүүлэх журам, мэдээллийн сан, гүйцэтгэлийн хяналтын системийг ашиглан буруу дуудлагыг зөв мэдээлэл болгон хувиргах боломжтой.
Төслийн давуу тал нь бид салбарын байгууллагуудтай аль хэдийн бодит холбоо, туршлагатай ажиллаж байгаа явдал юм. Нийт 58 хувийн контор байдгаас 11 байгууллага Duudy системийг ашиглаж байгаа бөгөөд 30 орчим конторыг нэгтгэсэн ОСНАА Мэргэжлийн Холбооны хүрээнд бусад байгууллагуудтай харилцан ойлголцож, үе шаттайгаар нэгдэх боломж бүрдсэн. Иймээс бид төслийг нэг дор бүх байгууллагад тулгах бус, туршигдсан байгууллагуудаас эхлэн шат дараатай өргөжүүлж, хэрэглэгчдэд нэг дугаарыг таниулах, дуудлагын ачааллыг зөв тооцох, үйлчилгээний чанарыг хэмжих замаар эрсдэлийг удирдана.








