Энэ шинэ жилийн халуун дулаан, хайр энэрлээр дүүрэн цаг үед бид нэг зүйлийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүүхэд бүр ижилхэн инээж, адилхан баяр баяслыг мэдэрч чадаж байна уу?
Харамсалтай нь хаа нэгтээ дулаан гэртээ, хайртай хүмүүстэйгээ шинэ жилийг тэмдэглэж чадахгүй, даарч, өлсөж, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд бий. Тийм хүүхдүүдэд бид бодитоор хүрч ажиллах, тэдний амьдралд дулаан мэдрэмж, аюулгүй орчин нөхцөл, тэгш боломжийг авчрахын төлөө “4 км²” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг илрүүлэх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зорилготой төсөл юм.
Төслийн хүрээнд 20 тонн бүхий 2 контейнерыг тохижуулах, төслийн байршлын талбайд гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх болон урсгал зардлыг шийдвэрлэж төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах санхүүжилтийг энэхүү платформд олон нийтэд нээлттэйгээр оруулж байна.

Төвийн үйл ажиллагаа нь товчхондоо хүчирхийллээс урьдчилан сэргийлэх - хохирогчийг илрүүлэх - шаардлагатай үйлчилгээг үнэлэх - холбон зуучлах - кейс менежмент хийх - эргэх холбоотой ажиллах замаар хүчирхийллийн давтамж тохиолдлыг бууруулах гэсэн процессоор ажиллана.
Өөрөөр хэлбэл энэхүү төсөл нь хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил тогтмол хэрэгжүүлэхээс гадна цахим орчин болон олон нийтийн сувгаар мэдээлэл түгээх, шаардлагатай хамгааллын хариу үйлчилгээг тодорхойлон холбогдох байгууллагуудад холбон зуучилж эрсдэлийн түвшин буурах хүртэл хамтран ажиллана.
Хэрэв хүүхдийг сэтгэлзүйн үйлчилгээ болон сургалт хөтөлбөрт хамруулах бол “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хамруулна. Мөн энэхүү мэдээлэх төв нь үйл ажиллагааны хүрээнд хүүхэд багачуудын боловсролыг дэмжих номын сан, суралцах орчин, иргэд олон нийтэд зориулсан цахим киоск машин, сургалт, мэдээллийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхэд бүрд илүү аюулгүй, тэгш хүртээмжтэй орчныг бий болгоход зорин ажиллана.
Таны өгөх хандив бүр шинэ жилийн энэ үдэш дулаахан инээмсэглэлээр дутсан нэг хүүхдийн амьдралд аюулгүй, итгэлтэй, гэрэлтэй ирээдүйн эхлэл болж чадна. Шинэ оны баяр хөөрийг зөвхөн гэр бүлдээ бус, хэзээ ч таныг танихгүй ч таны тусыг хэзээ ч мартахгүй тэр нэг хүүхдэд бэлэглэцгээе.





